“Audi”-ийн АНУ дахь борлуулалт 23 хувиар өсөв
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид хямд үнээр хэрэглэгчдийг татах болсонтой холбоотойгоор “Audi” компанийн АНУ дахь борлуулалт өнгөрсөн сард 23 хувиар өсч түүхэн дээд амжилтаа ахиулсан байна. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард нийт 16 мянга 867 автомашин борлуулсан гэж “Audi” компани мэдээллээ. Ингэснээр энэ оны эхний хагаст тус компани 84 мянга гаруй автомашин борлуулсан нь таван жилийн өмнөх нийт борлуулалтаа давсан дүн болсон байна. Түүнчлэн АНУ-ын залуучууд тансаг зэрэглэлийн автомашинуудаас “Audi”-ийг илүүтэй сонгох болсныг “Cars.com” сайт онцолжээ. Одоогийн байдлаар тус компани нь АНУ-ын тансаг зэрэглэлийн автомашины импортын 11.5 хувийг бүрдүүлдэг байна. Тансаг ангиллын автомашины борлуулалтыг “BMW” тэргүүлж байгаа бол “Mercedes Benz” болон Японы “Lexus” брэнд удаалж байгаа аж. Дашрамд дурдахад “Audi” компанийн толгой компани болох “Volkswagen”-ийн охин компани “Porche” хөгжлийн стратегийнхаа хүрээнд ирэх таван жилд ажлын байрны тоог 24 хувиар нэмэхээр болжээ. Одоогоор тус компани нийт 21 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com