"AT&T”, “Time Warner”-ийн хэлцэл VI/21-нээс өмнө эцэслэгдэнэ
АНУ-ын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч “AT&T” болон “Time Warner” компаниуд 85 тэрбум ам.долларын хэлцлээ эцэслэх боломжтой боллоо. Хоёр компанийн хэлцэл салбарын өрсөлдөөнийг хязгаарлана гэсэн үндэслэлээр АНУ-ын Хууль зүйн яам шүүхэд гомдол гаргаад байсан юм. Хэдий тийм боловч шүүхээс “Гомдлыг үндэслэлгүй” гэж үзэн, хэлцлийг нэмэлт нөхцөлгүйгээр зөвшөөрсөн байна. “AT&T”-ийн мэдээлснээр хэлцэл зургаадугаар сарын 21-нээс өмнө эцэслэгдэх товтой байгаа ажээ. Талууд бизнесээ нэгтгэх болсноо анх 2016 онд буюу 18 сарын өмнө олон нийтэд мэдэгдсэн ч АНУ-ын Засгийн газар хэлцэлд хориг тавихаар шүүхэд хандаад байсан юм. “AT&T”-ийн Хуульч Даниел Петрочели “AT&T болон “Time Warner” компанийн түүхэн нэгдлийн эсрэг гаргасан Засгийн газрын гомдлыг шүүх түдгэлзүүлсэнд бид баяртай байна. Жил гаруй хугацаанд хийсэн нүсэр шалгалт, зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа Засгийн газрын үүсгэсэн заргыг нотлох нэг ч нотолгоо олоогүй. Засгийн газраас энэ нэгдлийг зогсоох шийдвэр гаргасан ч шүүхийн шийдвэр бүрэн няцаалаа. Компаниудын нэгдлийг эцэслэхэд 18 сарын хугацаа зарцуулсан. Гэхдээ бид энэ хэлцлийг хийх боломжтой болсондоо баяртай байна” гэж мэдэгдлээ.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com