9598 иргэнд 553 тэрбум төгрөгийн зээл шинээр олгов
Монгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд иргэд 636.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9598 иргэнд 553 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгосон байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкууд өөрийн эх үүсвэрээс 980 тэрбум төгрөгийн зээлийг 32 мянган иргэнд олгоод байсан юм. Харин өмнө олгосон ипотекийн зээлээс 795.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16 мянга 421 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 461.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. 2013 оны зургадугаар сараас жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор ипотекийн зээлийн өсөлт хурдассаныг Монголбанкнаас онцолж байгаа юм. Өнөөдрийн байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт нийт 26 мянга гаруй иргэн хамрагджээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com