2018 он хэмжилт хийж эхэлснээс хойших дэлхийн 4 дэх халуун жил байв
Сүүлийн таван жил дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн халуун жилүүд байв. Тодруулбал 2018 онд дөрөв дэх халуун жил болж өнгөрсөн гэдгийг NASA болон NOAA тогтоосон байна. Дэлхийн гадарга дээрх дундаж темпeратур 1880-аад оныхоос цельсийн 08.3 хэмээр нэмэгдсэн байна. Дэлхийн түүхэнд хамгийн халуун жил 2016 онд тохиосон бол түүний дараа 2017, 2015, 2018, 2014 он оржээ. Мөн эдгээр жилүүдэд байгалийн онц ноцтой гамшигт үзэгдлүүд олноороо тохиосон байна. Дэлхийн хэмжээнд нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 2016-2017 онд 1.6 хувиар, 2018 онд 2.7 хувиар тус тус өссөн гэж Станфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж байгаа болон Номхон далай дахь Эль ниногийн нөлөөгөөр 2019 он илүү халуун жил болж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.
2018 онд туйлын бүсэд дулаарал хамгийн хурдтай байсан бөгөөд үүний улмаас өнгөрсөн оны наймдугаар сард Грийнлэндийн хойд хэсгийн зарим газар 21 метр хүртэлх зузаантай мөсөн давхарга хагарч, ховор үзэгдэл тохиолджээ. NASA-ийн тайланд дурдсанаар 2018 онд АНУ-д агаарын чийгшил сүүлийн 35 жилд тохиогоогүй хамгийн их байжээ. Өнгөрсөн онд АНУ-д байгалийн томоохон гамшигт үзэгдлүүд тохиосны улмаас учирсан хохирлын хэмжээ 91 тэрбум ам.долларт хүрсэн аж. Үүнээс 73 тэрбум ам.доллар нь "Майкл" болон "Флоренс" хар салхи, мөн Калифорни зэрэг баруун хэсэгт гарсан гал түймрийн хор хохирол байжээ.
Т.Элиса | @Elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmogolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com