2015 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.Төсвийн байнгын хорооноос өргөн барьсан 10 бүлэг 75 саналаар санал хураалт явуулж, төсвийн төслийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Анх өргөн барьсантай харьцуулахад ирэх оны төсвийн зардлыг 129.2 тэрбум төгрөгөөр бууруулж, хөрөнгө оруулалтын зардлыг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг Сангийн дэд сайд С.Пүрэв мэдээлэв. Анх өргөн барьсан төслөөс харахад ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 49 тэрбумаар буурч байна. 2015 оны төсвийн орлогыг 7.1 их наяд, зарлагыг 7.6 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд төслийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 478.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөжээ. Харин төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр ирэх оны төсвийн тэнцлийн алдагдлыг 429.4 тэрбум болгож бууруулах санал гаргасан байна. Харин урсгал зардлыг 106 тэрбумаар бууруулсан болохоо Сангийн яамнаас мэдээллээ. Тухайлбал 2012 оноос хойш байгуулагдсан төсөвт байгууллагын орон тоог 540, дэд болон орлогч дарга, зөвлөхүүдийн орон тоог 345-аар бууруулж нийт зургаа орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар болсон байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудаас бусад төсөвт байгууллагын бараа, үйлчилгээний зардлыг 5-30 хувиар бууруулж, 31.8 тэрбум төгрөгийн хасалт хийжээ. Гэхдээ шинээр ашиглалтад орсон төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 20 хувиар бууруулахаар болов. 2015 оны төсвийн төсөлд ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг анх 74.2 тэрбум төгрөг гэж тусгаад байсан юм. Үүнийг хоёр дахь хэлэлцүүлгээр 24.5 тэрбум төгрөгөөр, тусгай сангуудын зардлыг 36.2 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин ирэх оны есдүгээр сард болох Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлыг зохион байгуулах зардлыг нэмж тусгахаар болсон байна. Тус хуралд 50 гаруй орны 400 орчим парламентийн төлөөлөгчид оролцоно. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас санал болгосны дагуу 2016 онд Монгол Улсад болох “АСЕМ"-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахтай холбоотойгоор ирэх оны төсөвт таван тэрбум төгрөгийг нэмж тусгах саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Дээрх хоёр хурал зохион байгуулахтай холбоотой зардлыг оруулаад урсгал зардыг нэмэх долоон санал иржээ. Тухайлбал ирэх онд элсэлтийн ерөнхий шалгалтыг цахимаар авахтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад 500 сая төгрөг, Ховд аймгийн Эрдэнэбулган суманд Усан Цахилгаан Станц барих төслийн нэгж байгуулахтай холбогдож мөн 500 сая төгрөгийг төсөвт суулгахаар боллоо. Мөн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 669.8 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг ч дэмжсэн юм. “Хөгжлийн банк"-ны эх үүсвэрээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум төгрөгөөр тогтоохоор болж зарим арга хэмжээний төслийн санхүүжилтийг “Хөгжлийн банк"-д шилжүүлсэн байна. Харин зарим хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн дүнг нэмэгдүүлжээ. Үүнд нийслэлийн 38 цэцэрлэгийн өргөтгөл, санхүүжүүлэх дүнг 10 тэрбум төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 айлын орон сууцны санхүүжилтийн дүнг дөрвөн тэрбум төгрөг болгож нэмэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээд байна. Мөн Гандантэгчлин хийдийг өргөтгөж, 1080 суудалтай болгох 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн хоёр тэрбумыг нь 2015 оны төсөвт суулгасан байсныг таван тэрбум болгож нэмэгдүүлэх саналыг дэмжлээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com