Өвлийн их ачааллын үед цахилгааны хязргаалалт хийхгүй
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудал, өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн утсанд иргэдээс 137 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлснээс 98 хувийг нь шийдвэрлэжээ. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн 22.6 хувь нь орон сууцны халаалт, халуун устай холбоотой, 41.6 хувь нь цахилгаан доголдсон асуудал байсан бөгөөд өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ өвөл багагүй хүйтрэх мэдээлэл байгаа. Цахилгаан, дулааны ямар нэгэн нэмэлт эх үүсвэр байхгүй ч ачаалал урьд жилүүдийнхээс илүү нэмэгдсэн. Тиймээс хүндрэл үүсч болзошгүй газрууд болон их ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийгдэх эсэх”-ийг холбогдох албаныхнаас тодрууллаа. Улаанбаатар Дулаан шугам сүлжээ ТӨХК-ийн дарга Р.Хайдав энэ талаар “Нийслэлийн зарим хэсэгт дулааны доголдол үүсэх магадлал байгаа. Гэхдээ ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгааг” онцоллоо . Харин өвлийн ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com