ҮР ТАРИАНЫ ТАРИАЛАЛТ 116.9 ХУВЬТАЙ БАЙНА
Улсын хэмжээнд энэ хаврын үр тарианы тариалалт төлөвлөсөн хэмжээнээс давж, 116.9 хувьтай байгаа талаар ХХААЯ-аас мэдээллээ. Харин төмс, хүнсний ногооны тариалалтын явц 82 хувийг давсан дүнтэй байна. Энэ онд нийт 14 аймагт 1190 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос болон тэжээлийн ургамал тариалаад байгаа бол төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх өрхийн хэмжээнд хийсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тариаланчид нийт 384.2 мянган га-д үр тариа тариалснаас дийлэнх болох 357.5 мянган га-д улаанбуудай тариалжээ. Харин төмс, хүнсний ногоо, тосны ургамал нэмээд тооцвол улсын хэмжээнд 486.6 мянган га-д тариалалт хийсэн аж. Салбарын яамны мэдээлж байгаагаар энэ онд улсын хэмжээнд 401.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд одоогоор улаанбуудайг зорилтот хэмжээнээс 57.5 мянган га-гаар илүү талбайд тариалаад байгаад бол тосны ургамлыг зорьсон хэмжээнээс хоёр дахин их талбайд тариалжээ. Хаврын тариалалтад зориулж Тариалан Эрхлэгчдийг Дэмжих Сан тариаланчдад хөнгөлөлттэй зээлээр үрийн буудай, шатахуун, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм. Тухайлбал энэ онд 3.5 тэрбум төгрөгийн 2120 тонн шатахууныг 50 хувиа төлж, үлдсэн төлбөрийг ирэх намрын ургацаас нийлүүлэх нөхцлөөр тариаланчдад олгосон байна. Мөн шатахууны үнийг тооцохдоо жижиглэнгийн нийлүүлэлтэд литр тутамд зах зээлийн дунджаас 30 төгрөгөөр хямд үнэ санал болгосон гэж Тариалан Эрхлэгчдийг Дэмжих Сангаас мэдээллээ. Үүнээс гадна 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр 201 аж ахуйн нэгжид 7.8 тонн үрийн буудай олгожээ.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com