Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АSЕМ"-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа. Италийн Милан хотноо болсон “АSЕМ"-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар 2016 онд Монгол Улс “АSЕМ"-ийг даргалахаар болсон юм. Ингэснээр “АSЕМ"-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болоод байна. Австрали, БНХАУ, ОХУ, БНСУ, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн 53 улсын төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хоёр жилийн дараа хуран чуулах ажлын бэлтгэлийг хангахад зориулж энэ оны төсөвт таван тэрбум төгрөгийг суулгаж өгчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар томилогдсон байна. Харин гишүүдээр Сангийн сайд тэргүүтэй 10 хүнийг томилсон бол зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг ажиллуулахаар болжээ. Мөн Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж байхаар болсон байна. Үүнээс гадна энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн ээлжит хурал болно. 57 гишүүн оронтой тус байгууллагад Монгол Улс хоёр жилийн өмнө гишүүнээр элсэн орсон юм. Нийт 50 гаруй орны 200 орчим төлөөлөгчид оролцох энэхүү хурлыг зохион байгуулахад нийт 978.1 сая төгрөгийг төсөвлөөд байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com