Үндэсний агаарын тээврийн компаниудын орлого I-VII сард жилийн өмнөхөөс 71.1 хувиар буурчээ
Цар тахлын улмаас үндэсний агаарын тээврийн компаниудын орлого оны эхний долоон сард 80.8 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 71.1 хувиар буураад байна.
Хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор дотоодын аялал, жуулчлал энэ зун идэвхэжсэн ч долоодугаар сарын байдлаар агаарын тээврээр орон нутагт зорчигчид жилийн өмнөхөөс 25.7 хувиар цөөрчээ.
Улмаар дотоодын агаарын тээврийн компаниуд ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тухайлбал, орон нутгийн нислэг голцуу хийдэг “Хүннү Эйр” компанийн нислэгийн тоо жилийн өмнөхөөс 60 орчим хувиар буурсан байна. Ашиг багатай, орон нутгийн нислэг цөөрч байгаа нь компанийн орлогод нөлөөлж, нисэх онгоцны түрээсийн төлбөр зэргээр өр нэмэгдэж байгааг онцоллоо. Гэсэн ч ажлын байраа хадгалахад анхаарч байгаагаа мэдээлсэн юм.
“Аэро Монголиа” компанийн хувьд нислэгийн тоо 30 гаруй хувиар буурсан, энэ онд алдагдал хүлээх нь тодорхой байгааг дурдлаа. Тус компани энэ хугацаанд ажлын байр цомхотгоогүй. Агаарын тээврийн салбарт боловсон хүчнийг эртнээс бэлдэж, сургах шаардлагатай байдаг гэсэн юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com