Японы урсгал дансны ашиг 433 тэрбум иенд хүрлээ
Япон улсын урсгал данс таван сар дараалан ашигтай гарсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдээллээ. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар тус улсын урсгал дансны ашиг 433 тэрбум иенд хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж байгаа юм. Иенийн ханшийн уналт хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын орлогыг нэмэгдүүлсэн нь ийнхүү Японы урсгал дансны ашиг огцом өсөхөд ихээхэн нөлөөлжээ. Түүнчлэн 11 дүгээр сард Японы худалдааны алдагдал 636.8 тэрбум иен болж буурсан байна. Худалдааны алдагдал ийнхүү буурсныг шинжээчид мөн л иенийн ханшийн уналттай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь ханш унаснаар тус улсын экспорт 10 хувиар өсч, 6.7 их наяд иенд хүрсэн бол газрын тосны үнийн уналтаас шалтгаалан импорт дөнгөж 2.2 хувийн өсөлт үзүүлжээ. Үүнээс гадна Японы Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд 2015 оны санхүүгийн жилд 814 тэрбум ам.долларын төсөв батлахаар төлөвлөж байна. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн өндөр төсөв болж байгаагаараа онцлог юм. Мөн төсвийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг шинжээчид онцолж байна. Учир нь хүн амын дундаж насжилт нэмэгдэж байгаагийн улмаас Японы нийгмийн халамжийн зардал нэмэгдэх болоод байгаа юм. Дашрамд дурдахад Япон дахь шинээр бонд гаргалт 2008 оноос хойших доод хэмжээндээ хүрээд байжээ. Үүний зэрэгцээ таван жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж анх удаа тэгтэй тэнцээд байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com