Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна
Өнгөрсөн дөрөвдүгээр сард гуравдахь шатны хэлэлцээгээ хийсэн Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд санал солилцох уулзалт өчигдөр боллоо. Тус арга хэмжээг ЭЗХЯ, ҮХААЯ болон МҮХАҮТ хамтран зохион байгуулсан ба хэлэлцээрийн хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй санал солилцсон юм.Чөлөөт худалдааны хэлэлцээртэй дүйцэхүйц энэхүү хэлэлцээр нь зөвхөн бараа үйлчилгээ, худалдаагаар зогсохгүй хоёр улсын бизнесийн орчныг өндөр хэмжээнд сайжруулах ач холбогдолтой гэж Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ үеэр онцолж байсан. Мөн тэрбээр “Монгол Улсын хувьд Японтой анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах гэж байгаа учраас туршлага дутаж байна. Тиймээс Японтой эдийн засгийн түншлэл хийж байсан Энэтхэг, Сингапур улсын мэргэжилтнүүдтэй уулзаж, түншлэлийн гэрээ байгуулснаар давуу болон сул тал нь юу байдаг вэ гэдгийг судална” гэсэн юм. Хоёр улсын зах зээлийг илүү нээлттэй болгох, саад тотгорыг багасгах, эдийн засгийн харилцааг чөлөөтэй төдийгүй нягт болгох зорилготой энэхүү хэлэлцээрийн хүрээнд Японы талаас Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сонирхож байгаа аж. Мөн хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газрын худалдан авах ажиллагаанд илүү чөлөөтэй оролцох болон гарал үүслийн журам тохиролцох зэрэг хэд хэдэн тодорхой зорилгыг дэвшүүлсэн байна. Харин Монголын хувьд Японы хөрөнгө оруулалтыг татах, тус улсын техник технологийг нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийг Японы зах зээл дээр гаргах зэрэг олон ач холбогдлыг эрэлхийлж байгаа юм.Түүнчлэн ЭЗХЯ-ны мэргэжилтнүүдийн тооцоолсноор, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 он гэхэд 0.05 хувиар харин экспорт хоёр хувиар нэмэгдэх юм байна. Үүнээс гадна өргөн хэрэглээний барааны чанар болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт ахиц гарах, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үйлдвэрлэл болон ажлын байр нэмэгдэх зэрэг эерэг хандлагыг мэргэжилтнүүд тодорхойлсон байна. Япон улсын хувьд тус хэлэлцээрийг Монголоос гадна 13 оронтой байгуулсан ба түнш орнуудын эдийн засгийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өсч, эерэг үр дүнд хүрсэн аж. Тодруулбал, 2005 онд Мексик улстай хийсэн хэлэлцээрийн дүнд Мексикийн экспорт 22.3 хувь өссөн бол Японы экспорт 44.9 хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн онд 501.5 сая ам.долларын бүтээгдэхүүн Японоос импортолжээ
Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан мэдээллээр Монгол Улс өнгөрсөн онд 5.6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг Япон руу экспортолсон бол импортолсон бүтээгдэхүүний дүн 501.5 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд Японоос импортолсон нийт бүтээгдэхүүний 60.7 хувь нь суудлын автомашин, 12.6 хувь нь экскаватор, 2.2 хувь нь автомашины дугуй харин 2.4 хувийг тамхи эзэлсэн байна. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны гаргасан мэдээллээс харахад, Япон улсын талаас 1990-2012 онд нийт 194 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн байна. Өнгөрсөн оны хувьд 34.2 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүнээс гадна Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын 1.5 хувийг Япон улс эзэлдэг бөгөөд эрэмбээрээ 12 дугаарт бичигддэг ажээ.
Б.Цацралт
Холбоо барих: tsatsralt.b@bloombergtvmongolia.com