Эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 84 хувийг дангаар бүрдүүлжээ
2018 оны эхний найман сард эрдэс бүтээгдэхүүний экспорт 21 хувиар өсөж, 3.9 тэрбум ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ингэснээр нийт экспортын 84 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өсөж, 1.8 тэрбум ам.доллар болжээ. Оны эхний найман сард Монгол Улс 23.7 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оныхтой ойролцоо гарсан байна. Гол экспортлогчдоос дурдвал, есдүгээр сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” 9.5 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ онд нийт 13 сая тонныг гаргахаар зорьж байгаа аж. Харин Хөшөөтөд олборлолт хийж байгаа “Mongolia Energy Corporation” өнгөрсөн онд бүтэн жилийн хугацаанд 630 мянган тонн баяжуулсан нүүрс экспортолж байжээ. Энэ оны эхний есөн сард энэ үзүүлэлтээсээ хэдийн давсан байна. Оны эцэс гэхэд нэг сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа ажээ.
“Энержи Ресурс” компани оны эхний хагас жилд 2.1 сая тонн боловсруулсан нүүрс борлуулаад байна. Оны эхний найман сард зэсийн баяжмалын экспорт 959.5 мянган тонн болжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээнд өөрчлөлт орсонгүй. Мөнгөн дүнгээр 29 хувиар өсөж, 1.3 тэрбум ам.доллар болсон байна.
Харин гол экспортлогчдын нэг “Оюу Толгой” компани II улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, алтны үйлдвэрлэл 19 хувиар өссөн талаар “Turquoise Hill Resources” компани санхүүгийн тайландаа дурдсан байна. Оны эхний найман сард газрын тосны экспорт мөнгөн дүнгээр 17 хувиар өсөж, 286.9 сая ам.доллар болжээ. Биет хэмжээгээр 14 хувиар буурч, 4.38 сая баррель болжээ.
Одоогоор “Петрочайна дачин тамсаг” компани газрын тосны XIX, XXI блокоос, “Доншен” компани газрын тосны 97 дүгээр талбайгаас газрын тос олборлон экспортолж байна. Газрын тосны ханшийн өсөлт экспортод эергээр нөлөөлж байна. Нэг баррель брэнт газрын тосны ханш наймдугаар сарын эцэс гэхэд 78.02 ам.долларт хүрч өсжээ. Энэ нь өмнөх сарынхаас долоо орчим хувиар өссөн байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com