"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг буцаах хүсэлтийг ирэх сарыг дуустал авна
Өнгөрсөн жилийн хагасаас эхэлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг буцаах ажлын хугацааг сунгасан талаар Татвар ерөнхий газраас мэдээлсэн байна. Ингэснээр хувьцаагаа буцаах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг ирэх сарыг дуустал хүлээж авахаар болж байгаа бөгөөд Татварын ерөнхий газарт нэгтгэсэн мэдээллийг зургадугаар сарын 1-нд Сангийн яаманд хүргүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авсан 1270 аж ахуйн нэгж байгаа ба хувьцаагаар дамжуулж нийт 27.2 тэрбум төгрөг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн газрын дансанд байрласан байна. Хувьцаа буцаах ажлын хүрээнд тус төвөөс аж ахуйн нэгжийн хувьцааны захиалга болон төлбөрийг шалгаж, авбал зохих хувьцаанд ногдох төлбөрийн захиалгаас өндөр үнэ төлсөн байгууллагын зөрүүг буцаан шилжүүлэхээр болсон байна. Одоогоор даатгалын гурван компани хувьцаагаа буцаах хүсэлтээ гаргаад байгаа ажээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com