Энэ онд 315 мянга орчим га талбайд буудай тариална
Энэ онд Монгол Улсын хэмжээнд нийт 390 гаруй мянган га талбайд ногоо болон ургамал, жимс тарих урьдчилсан төлөвтэй байна. Тодруулбал, аймгуудаас авсан дүнгээр 315 мянга орчим га талбайд буудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо тариалах юм байна. Түүнчлэн 20 гаруй мянган га талбайд тосны болон тэжээлийн ургамал, 1500 га талбайд жимс, жимсгэнэ, 330 мянган га талбайд чанар сайтай уринш бэлтгэхээр төлөвлөжээ. ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Төлөвлөсөн ажил амжилттай хэрэгжвэл ирэх намар 470 мянган тонн буудай, 210 орчим мянган тонн төмс, 110-аад мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой” хэмээн ярьсан. Мөн тэрбээр “Манай улс жилд 60 мянга гаруй тонн хүнсний ногоо импортолдог. Шинэчлэлийн Засгийн газар бодлогоо тодорхойлохдоо хүнсний ногооны үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулж, хүн хүч, үр болон техник, тоног төхөөрөмжөөр хангах олон асуудлыг шийдэхээр болсон. Одоо техник, тоног төхөөрөмж нийлүүлж эхэлнэ. Нөгөө талаар ногоочид нэг нэгээрээ ажиллаад үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хөдөлмөрчдийг хоршуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор сургалт зохион байгуулж байгаа. Удахгүй үр дүнгээ өгөх байх” гэсэн юм. Үүнээс гадна үрийн хадгаламжийн хувьд, буудайн сангийн нөөцтэйгээ нийлээд 47 мянга гаруй тонн байгаа ба 2-3 мянган тонн үр дутах магадлалтай байгаа аж. Тиймээс хадгалж байгаа буудайгаа цэвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаар дахин хянуулахаар төлөвлөж байгаа юм байна.