ЭМЯ: 16 аймагт “Covid-19”-ийн халдварын 1038 тохиолдол батлагдаад байна
Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн 11.00 цагийн байдлаар 394 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 8841 боллоо. Шинэ тохиолдлуудын 266 нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгджээ.
Улаанбаатар хотод “коронавирус”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 7266 болоод байна. Харин орон нутагт шинээр 128 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал: Сүхбаатар аймагт 11 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, батлагдсан байна. Ингэснээр тус аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 16 аймагт 1038 тохиолдол батлагдаад байна.
Харин дархлаажуулалтын хувьд 311 мянга 266 хүн “Covid-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Дөрөвдүгээр сарын хоёронд БНХАУ-ын “Sinopharm” компанийн хөгжүүлсэн “Vero Cell” вакцины 300 мянган тун, дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин 600 мянган тун буюу нийт 900 мянган тун “Vero Cell” вакцин ирнэ. Түүнчлэн ирэх сард ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V” вакциныг татан авах юм байна.
Вакцины нөөцийг бүрдүүлж, дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм. Тавдугаар сарын нэгний дотор нийслэлийн насанд хүрсэн хүн амд вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгахаар төлөвлөснийг Шадар сайд мөн мэдээлээд байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com