ЭМЯ: Нийт хүн амын 60 хувийг “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамруулна
Нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд 14 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, Улаанбаатар хотод халдварын нийт тохиолдол 630 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Эдгээр нь бүгд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна.
Бусад кластер голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар дотоодын халдварын тохиолдол 956 боллоо. Харин улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456 болоод байна.
Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй “коронавирус”-ийг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Монгол Улс нийт хүн амынхаа 20 гаруй хувийг шинжилгээнд хамруулаад байгаа юм. PCR-ийн нэг лаборатори өдөрт 1500-2000 орчим хүнийг оношлох хүчин чадалтай гэж Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Мөн дотоодод халдвар гарснаас хойш эмнэлгийн ажилчдыг 500 сая гаруй төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцсаар хангасныг Эрүүл мэндийн сайд мэдээлсэн юм.
Үүнээс гадна “коронавирус”-ийн эсрэг вакцин энэ оны эхний улиралд орж ирэх төлөвтэй байгааг тодотгов. Нийт хүн амынхаа 60 гаруй хувийг хамруулахаар төлөвлөж байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com