ЭМЯ: “Коронавирус”-ийн халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Нэгдүгээр сарын есөнд нийт 22 мянга 993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрлээ. Үүнээс 19 нь шинээр үүссэн кластер голомтуудад бүртгэгдсэн, нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч, мөн нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтнаас илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “коронавирус”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдол 1429 болж нэмэгдлээ. Үүнээс 62.7 хувь нь эдгэрсэн бөгөөд нийт тохиолдлын 65 хувь нь дотоодод тархсан, 28.6 хувь нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа аж. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн хоёр хоногт нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нийслэл Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Мөнххада” ХХК, “Ачтан” эмнэлгээс үүсэлтэй халдварын идэвхтэй голомтууд байгааг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.
“Ачтан” эмнэлгийн голомт гэр бүлийн халдвар хэлбэрээр цааш үргэлжилж байгаа бөгөөд энэ голомтод нийт 45 хүн халдвар аваад байна. Мөн “Мөнххада” ХХК-ийн халдварын голомтод 24 хүн халдвар аваад байна.
Үүнээс гадна Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдаас 18 мянга 584 хүнд голомтын илрүүлэг шинжилгээ хийж, 13 мянга 262 хүний шинжилгээний хариу гарсан байна. Үүнээс зургаан хүнд “COVID-19”-ийн халдвар илэрчээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com