ЭМЯ: "Коронавирус"-ийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж, 431 боллоо
11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 1918 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс "COVID-19" илэрлээ. Аравдугаар сарын 26-нд Будапешт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээ, "Энхсаран" сувиллын нэг үйлчлэгчийн шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын шинжилгээнд тус бүр "коронавирус" илэрсэн байна.
Нийслэл болон Сэлэнгэ аймагт "коронавирус"-ийн багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгаа тул Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар нийт 19 оношилгооны цэгт шинжилгээ, тандалт хийж эхлээд байгаагаа мэдээлсэн юм.
Багц халдварын тоо
- Улаанбаатар хот: 9
- ХӨСҮТ: 11
- Сэлэнгэ: 4
- Зөөвөрлөгдөн орж ирсэн: 407
Ням гарагт авсан 758 сорьцын шинжилгээний хариу "Сөрөг" гарсан, үлдсэн шинжилгээний хариуг 17.00 цагаас мэдээлэх юм байна.
· 11/3-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 172 хүний шинжилгээ,
· 10/24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 70 хүний шинжилгээ,
· Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор цуглуулсан 67 хүний шинжилгээ,
· Дархан-Уул аймгийн лабораторид хяналт, тандалтын зорилгоор цуглуулсан 138 хүний шинжилгээ,
· Сайн дураар өгсөн 52 хүний шинжилгээ,
· Нийслэлийн дүүргүүд, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь аймгаас тандалтын зорилгоор цуглуулсан 111 хүний сорьцоос "коронавирус" илрээгүй байна.
Монгол Улсын хэмжээнд "коронавирус"-ийн 431 тохиолдол бүртгэгдсэнээс эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан зургаан хүн байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Халдвартын клиникт батлагдсан тохиолдлын 97 хүн эмчлэгдэж байгаа, биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 75 хүн байна. ХӨСҮТ-д хяналт, тандалт, ажиглалтад 165 хүн байгаа юм байна.
Үүнээс гадна Хэнтий аймагт "коронавирус"-ийн сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. 11 дүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу "Эерэг" гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл ч мөн тодорхой болно гэлээ. Эрүүл мэндийн яам дээрх хоёр тохиолдлыг одоогоор баталгаажуулаагүй байна.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com