“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлав
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхаар боллоо. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд гепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.
Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст гепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа ажээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com