Экспортын 83 хувийг эрдэс бүтээгдэхүүний салбар бүрдүүллээ
Эрдэс бүтээгдэхүүний салбар нь Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд тус салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниуд сүүлийн таван сард 493.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн талаар Татварын Ерөнхий Газраас мэдээллээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49 хувиар өссөн дүн болсон байна. Энэхүү орлогын 40 орчим хувь буюу 188 тэрбум төгрөг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр төвлөрчээ. Мөн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орлогод голлох жинг дарсан байна. III улирлын байдлаар эрдэс бүтээгдэхүүний салбар нийт экспортын 83 хувийг дангаараа бүрдүүлсэн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. Тухайлбал экспортын орлого 29.8 хувиар өсч, дөрвөн тэрбум ам.доллар болоход зэс болон газрын тосны экспорт чухал нөлөө үзүүлжээ. “Оюу Толгой"-н экспорт тогтмол хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспортын орлого л гэхэд өнгөрсөн оны мөн үеэс 150 орчим хувиар өсч, 1.68 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт экспортын орлогын 40 хувийг зэсийн баяжмал дангаараа бүрдүүлсэн байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com