Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ унасаар байна
Олон улсын зах зээлд экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ үргэлжлэн унасаар байна. Гэхдээ АНУ бодлогын хүүгээ ойрын хугацаанд нэмэхгүй гэх хүлээлт алтны ханшид эергээр нөлөөллөө. Сангийн яамнаас танилцуулсан жишиг үнээр өнгөрсөн сард Лондонгийн Металлын биржид нэг тонн зэсийн үнэ 6.4 мянган ам.доллар байжээ. Энэ нь өмнөх сараасаа дөрвөн хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан дүн болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зэсийн ханш Лондонд сүүлийн таван жилийн доод түвшиндээ хүрч буураад байгаа юм. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний ханшид ийнхүү сөргөөр нөлөөлж байгаа аж. Түүнчлэн 12 дугаар сарын байдлаар нүүрсний ханш өмнөх оноос 20 гаруй хувиар унасан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Үүнээс баяжуулсан коксжих нүүрсний үнэ хамгийн ихээр буюу 27 хувиар буурсан бол 5500-аас дээш ккал-тай нүүрсний ханш 26 хувиар хямдарчээ. Харин Монгол банкны нэг грамм алт худалдан авах ханш өнгөрсөн сард 72 мянга 424 төгрөг байсан нь сарын дүнгээрээ хоёр хувь, жилийн дүнгээрээ 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлт боллоо. Олон улсын зах зээлд Европын эдийн засаг дефляцид орсон болон АНУ-д хөдөлмөрийн хөлс хүлээлтэд хүрч өсөхгүй байгаа зэрэг нь алтны ханшид эергээр нөлөөлж нэг унци нь 1225 ам.доллар буюу 0.2 хувиар өсөөд байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com