"Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Монгол Улсын Засгийн газраас пүрэв гарагт өргөн барьсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр байна. Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм. Харин 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтож, тухайн өдрөө ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлэлцээрийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичгүүдээс бүрдэж байна. 2010 онд хийсэн судалгаагаар Япон улстай "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулснаар хоёр орны гадаад худалдааны эргэлт жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байдаг. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 0.33-0.34 хувиар, нийт экспорт 0.36 хувиар өснө гэсэн тооцоо байгаа аж. Гэхдээ хэлэлцээр байгуулсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурна гэх тооцоог ажлын хэсгээс гаргасан байна. Хэлэлцээрийн хүрээнд 13 дэд хороо бүхий хамтарсан хороо байгуулан ажиллахаар болжээ. Мөн Монгол Улс импортын Гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөл гарах ч хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж болохоор тохиролцсон байна. Үүнээс гадна энэхүү хэлэлцээрээр 10 жилийн хугацаанд зөвхөн таван хувийн импортын Гаалийн татварын тарифийг үе шаттайгаар бууруулна гэдгийг Засгийн газраас онцоллоо.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com