Эдийн засгийг эрчимжүүлэх талаар тогтоолын төслийг хэлэлцлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-нд өргөн барьсан "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай уялдан Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой 23 арга хэмжээг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы хугацаанд батлуулан хэрэгжүүлэхээр тогтоолд тусгасан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Монгол Улс "Хөрөнгө оруулалтын тухай" шинэ хууль баталж, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байгаа ч хайгуулын шинэ лиценз олгохгүй байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалыг хязгаарлах нэг шалтгаан болж байна гэж хөрөнгө оруулагчид үздэг юм. Үүнээс гадна Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхижүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэхээр тогтоолын төсөлд заасан байна. Харин 2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Иймээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байхаар тусгаад байна. Мөн санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах зэрэг арга хэмжээ төсөлд багтжээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: Dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com