Шоу дуусангуут шинэ загварын хувцаснуудыг худалдан авч болно
Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Tommy Hilfiger”, “Ralph Lauren” зэрэг хувцас загварын компаниуд залуу худалдан авагчдад зориулан шинэ загварын хувцаснуудыг газар дээр нь худалдан авах боломж олгосон байна. Өмнө нь загварын шоу дууссаны дараа хүмүүс захиалгаа өгч, зарим үед зургаан сарын дараа хүссэн хувцсаа авдаг байсан юм. Харин энэ удаагийн шоугаар компаниуд технологийн дэвшлийг ашиглан, борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьжээ. Тухайлбал, “Tommy Hilfiger” загварын шоугаа вэбсайт болон “Facebook”-ээр шууд дамжуулан, хэрэглэгчид таалагдсан хувцсаа тэр дор нь худалдан авах боломжийг олгосон байна. Үүнээс гадна “Facebook messenger”-ийн онлайн худалдааны системээр захиалга авчээ. Бараа, бүтээгдэхүүнүүд ч сайн борлогдож, эрэлт ихтэй байсан байна. Дэлхийн эдийн засаг сайнгүй байгаатай холбоотойгоор брэнд хувцасны борлуулалт буурсан энэ үед шинэ арга хэрэглэсэн нь залуу худалдан авагчдыг татаж чаджээ.
Б.Номин
Холбоо барих: nomin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com