Ши Жиньпин: Илүү олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон Германы Канцлер Ангела Меркель нар Бээжин хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ши Жиньпин “Хоёр улс илүү олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна. Мөн “Торгоны зам”-ын эдийн засгийн бүслүүрийн бүтээн байгуулалтын ажилд ХБНГУ-ын оролцоог дэмжихийн зэрэгцээ Германы талд зах зээлээ нээлттэй болгоно гэдгээ онцолжээ. Харин Ангела Меркелийн хувьд БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд анхаарна гэж хэлсэн байна. Мөн өрийн хямралыг намжаахаар явуулж байгаа Европын холбооны бодлогыг танилцуулж, БНХАУ-ын дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлжээ. Ангела Меркель Германы Канцлерийн хувиар Бээжинд дөрөв дэх удаагаа айлчилж байна. БНХАУ, ХБНГУ-ын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 140.4 тэрбум евро буюу 193 тэрбум ам.долларт хүрснээр БНХАУ, ХБНГУ-ын худалдааны гурав дахь том түнш орон болсон юм. Мөн Ангела Меркелийн айлчлалын хүрээнд “Volkswagen”-ийн автомашины үйлдвэрийг БНХАУ-д байгуулахаар тохиролцож, “Airbus”-тай холбоотой нисдэг тэрэг нийлүүлэх хэлцлийг хийснээс гадна “Lufthansa” болон “Air China”-ийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com