Ч.Сайханбилэг: Ирэх оноос жил бүр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж, эх орондоо эргэн ирээд байна. Тэрбээр "...хөрөнгө оруулагчид байна, мөнгө байна гэдэг нь энэ гурван айлчлалын үр дүнд харагдлаа" гэж ОХУ, АНУ, Их Британид хийсэн шил дараалсан айлчлалуудаа дүгнэсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон хуулийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, хиймэл дагуулын салбарт хамтран ажиллах талаар Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моодтой санал солилцсон байна. Зөвхөн Засгийн газар гэлтгүй хувийн хэвшлийнхэн ч бас Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал "Unic Credit" хөрөнгө оруулалтын компанийн төлөөлөгчид Ерөнхий сайдтай уулзах үедээ "Монголын үйлдвэрүүд Европын Холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллах болвол санхүүжүүлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн байна. Харин "Ай Эм Пауэр" компани
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьжээ. Мөн "Оюу Толгой"-ийн далд уурхайн санхүүжилтийн хүрээнд ирэх оноос жил бүр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр байгааг ч Засгийн газрын тэргүүн мэдээлсэн байна. Үүнээс гадна айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр нийслэлийн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломж олгоно гэж үзэж байгаагаа Засгийн газраас илэрхийлээд байгаа юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com