“Чингис бонд”-ын хөрөнгөөс зургаан салбарт 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан дунд хугацааны еврогийн бондын хөрөнгөөс есдүгээр сарын эхний байдлаар нийт 10 салбарт 931.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Харин “Чингис бонд”-ын хөрөнгөөс зургаан салбарт 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Хамгийн их хэмжээний үнийн дүнтэй буюу 337 тэрбум төгрөгийн зээлийг уул уурхайн салбарт олгосон бол 260 орчим тэрбум төгрөгийн зээлийг авто замын салбарт олгожээ. Мөн барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 98.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үлдсэн 236.6 тэрбум төгрөгийг орон сууцны барилга, төмөр зам, цахилгаан станц, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан мөн орон сууцны зээлийн санхүүжилт, дэд бүтцийн салбарт олгосон талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Харин “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөс 618.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зургаан салбарт хийснээс авто замын салбарт 163.8 тэрбум төгрөг олгосон бол, 270.2 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмж шинэчлэх чиглэлээр олгосон байна. Мөн төмөр замын салбарт 133.5 тэрбум төгрөг олгожээ.Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж төсөл”-ийн санхүүжилтэд зориулан нийт 20 тэрбум төгрөгийг гаргаад байна. “Чингис бонд”-ын санхүүгийн менежментийг Монголбанк бүрэн хариуцаж байгаа юм.
З.Энхболор
Холбоо барих:enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com