Ц.Элбэгдорж: Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хүлээж авахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мягмар гарагт нам бүлгийн дарга, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр "Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтрахаа болих, Засгийн газрын хувь заяаны асуудлыг ярилцана гэдэг байж болохгүй зүйл. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр" хэмээн онцолсон юм. Уулзалтад Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ дахь нам эвслийн бүлгийн дарга нар оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн албыг хариуцлагатай болгох Төрийн албаны хуулийг хурдан батлах”-ыг шаардав. Үүнээс гадна намуудын үг, үйлдлийг ард иргэд сайтар ялгаж салгадаг болсон гэж Ерөнхийлөгч онцолсон юм. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа МАН-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хамтарсан Засгийн газар байгуулахад хийсэн гэрээг нэг талын давуу байдлаар дүгнэсэн. Тиймээс гэрээг бодитойгоор дүгнэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Харин Ардчилсан намын дарга З.Энхболд “Сайд нарыг өөрчлөх нь байх ёстой зүйл” гэж Ардчилсан нам үзэж байгаа гэж мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүний хувьд “Хамтарсан улс төрийн намууд эхний ээлжинд үг хэлээ ололцоод, ойлголцоод цаашаа хэрхэн ажиллахаа ярих ёстой” гэж мэдэгдсэн юм. Мөн МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар Засгийн газрын тогтвортой байдал чухал гэдгийг онцолж байлаа. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл МАН-тай байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны" гэрээг цуцлахаар шийдсэнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мягмар гарагт 100 хувь дэмжээд байсан юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com