Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 565 хүнийг эсэн мэнд олжээ
Гуравдугаар сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас сураггүй болсон 12 хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа хийж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар мэдээллээ.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийтдээ 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна. Одоогийн байдлаар сураггүй болсон иргэдээс 565 хүнийг эсэн мэнд олжээ. Харин Архангай аймагт нэг, Дундговь аймагт найман хүн нас барсан тухай мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газар өглөө.
Эдийн засгийн талаас хохирлыг харвал 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд урууджээ.
Үүнээс гадна ОХУ-аас баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унасан байна. Үүний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарчээ. Унасан тулгуур баганыг босгох ажлыг инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм байна.
Мөн зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсныг Онцгой Байдлын Ерөнхий Газар мэдээллээ. Гэмтлийг арилгаж, хэвийн байдалд шилжүүлжээ.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com