Хөрөнгө оруулалт татаж чадвал үйлдвэрлэл нь 88 тэрбум ам.долларт хүрэх боломжтой
Монгол Улс сүү, ноолуур, мах зэргээ гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал улсын хэмжээнд 7.15 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 41 сая толгой малтай төдийгүй дэлхийн боловсруулаагүй ноолуурын 21 хувийг нийлүүлдэг гэх судалгааг гаргасан байна. Түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүнийхээ 10 хувийг дотооддоо боловсруулдаг бөгөөд тус салбарт хөрөнгө оруулалт татаж чадвал үйлдвэрлэл нь 88 тэрбум ам.долларт хүрэх боломжтой талаар салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Үүнээс гадна Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсад хүлээн зөвшөөрсөн талаар тус салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэгчид онцолдог. Тухайлбал “Гоёо” компанийн гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг “Монгол ноолуур бол яах аргагүй Монголын нэрийн хуудас. Монголын брэнд болгож, дэлхийн зах зээлд гаргах хамгийн боломжтой түүхий эд. Гэхдээ Монголын брэнд болон гарахад, зарим хүндрэлүүд бий. Жишээлбэл олон улсад танигдахын тулд бидэнд технологи хэрэгтэй. Гадаадын хамгийн сайн технологитой, хамгийн сайн дизайнтай компаниуд Монголын түүхий эдийг ашиглаад ноолууран бүтээгдэхүүний брэндийг нэрд гаргаж чадаж байна. Тийм учраас бид технологио сайжруулах хэрэгтэй” хэмээн Блумбергт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Б.Цацралт
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com