Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг компанийн 90 гаруй хувийг гурван том хувьцаа эзэмшигч эзэмшдэг
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн тоо өнөөдрийн байдлаар 262 болоод байна. Эдгээр компанийн хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байдаг хувьцааг зохицуулах үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монголын Хөрөнгийн бирж АНУ-ын Нью-Йорк хотноо “Үнэт цаасны хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, шинээр батлагдсан “Хөрөнгө оруулалтын сан”-ийн тухай хуулийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.Монголын хувьцааны зах зээлд хөрөнгө оруулсан байдал буюу Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөлөөс харахад “Мандал Женерал” даатгалын шинжээчдийн дүгнэснээр Хөрөнгийн бирж дээрх нэг компанийн 93 хувь орчмыг гурван том хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа ажээ. Харин үлдсэн 1042 хувьцаа эзэмшигч 6.55 хувийг л эзэмшиж байна. Тухайлбал ТОП-20 компанийн дундаас тэргүүлэх үзүүлэлттэй байж ирсэн “АПУ” компанийн эзэмшигч гурван том компани 52-20-20 гэсэн харьцаатайгаар 92 хувийг нь эзэмшиж байгаа бол “Тавантолгой” компанийн гурван томоохон хувь эзэмшигчийн нэр дээр мөн л 92 хувь орчим нь байна. Энэ оны эхэн үетэй харьцуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэг хувиар буурчээ. Харин хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо 2.31 хувиар өссөн бол том хувьцаа эзэмшигчдийн тоо 4.46 хувиар буурсан байна. Гэхдээ эзэмшлийн хувь хэмжээ нь 13.48 хувиар өсчээ. Тухайлбал “Нако түлш" компанид хийгдсэн хэлцэл үүнд багтаж байгаа юм. Одоогоор Монголын Хөрөнгийн бирж дээрх хамгийн том гадны хөрөнгө оруулагч нь “Firebird” сан байгаа аж. Тус сангийн эзэмшилд байдаг “Шарын гол” компани боловсруулсан бүтээгдэхүүний буюу шахмал түлшний зах зээлд нэвтрэх зорилготойгоор Хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг “Нако түлш” компанийн 90 гаруй хувийг худалдан авсан юм. Ингэснээр “Нако түлш” компанийн таван том хувьцаа эзэмшигч нэг болж цөөрсөн бөгөөд харин эзэмшлийн хувьцааны тоо нь 1.3 саяар өссөн байна. Ийнхүү Монголбн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны төвлөрөл 2012 оноос хойш тасралтгүй өсч байгаа ажээ.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com