Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар нийт 259 тэрбум орчим төгрөгийн хэлцэл хийгджээ
Хөдөө аж ахуйн биржийн мягмар гарагийн арилжаагаар 4.9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хэлцэл хийгдэж, 8748 богц ноолуур арилжигджээ. Ес дэх долоо хоногийн туршилтын арилжаагаа эхлүүлээд байгаа Хөдөө аж ахуйн биржийн өнгөрсөн найман долоо хоногийн арилжаагаар нийт 259 тэрбум орчим төгрөгийн хэлцэл хийгдээд байна. Хөдөө аж ахуйн арилжаа явуулж эхэлснээр Монгол Улсын санхүүгийн салбарт болон татварын санд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа аж. Учир нь ХАА-н биржийн арилжаагаар дамжин иргэдийн гар дээр эргэлдэж байсан бүртгэлгүй бэлэн мөнгө арилжааны төлбөр тооцоог хийж байгаа “Хаан” болон” Хадгаламж” банкуудад төвлөрүүлж байгаа нь эдгээр банкуудын аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа ажээ. Түүнчлэн биржээр худалдах, худалдан авах санал ил тод байх учраас ченжүүдийн гараар дамжин түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өсдөг, хомсдол гарах асуудал байхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг бус оролцогч тал үнийн санал ирүүлж, хэлцэл хийгдэж байгаа учраас бирж дээр тогтож байгаа үнэ хамгийн бодитой, мөн тогтвортой гэдгийг биржийн зүгээс онцолж байна. Одоогоор туршилтын арилжаагаар зөвхөн ноолуур арилжиж байгаагаас гадна спот хэлцлийн хэлбэрээр арилжаа явагдаж байна. Монгол Улсын хувьд дэлхийн ноолурын хэрэгцээний 20-25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс цаашид буюу ХАА-н биржийн төлөвлөж байгаагаар 2014-2015 онд дериватив буюу санхүүгийн эрсдлээс хамгаалах үүсмэл хэрэгслээр арилжааг явуулдаг болсноор Монголын ноолуурын гол хэрэглэгч болох БНХАУ, Итали болон Япон улсаас хөрөнгө оруулагчдыг татах илүү таатай нөхцөл бүрдэж байгаа ажээ.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com