Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Нельсон Манделаг эцсийн замд нь үдлээ
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Нельсон Мандела агсантай салах ёс гүйцэтгэх ёслолд дэлхийн олон орны Ерөнхийлөгчид болон өмнө нь Төр барьж байсан 100 гаруй Төрийн тэргүүнүүд, олны танил хүмүүс оролцлоо. Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэх үеэр удаан хугацааны турш сайнгүй харилцаатай байсан Төрийн тэргүүнүүд хоорондоо найрсаг харьцаж байсан нь олны анхааралд өртжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таван жил гаруй хугацаанд маргаантай байсан Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой гар барьсан байна. Салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нельсон Манделагийн үйл хэргийг марталгүй залгамжилж байхыг Төрийн тэргүүнүүдэд уриаллаа. Тэрбээр “Маш олон Төрийн тэргүүн Мадибагийн үйл хэргийг залгамжлах талаар ярьдаг ч бодит байдал дээр ядуурал, баялгийн тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн бага хэмжээний шинэчлэлийг ч хийхээс татгалздагийг” энэ үеэр онцолсон юм. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч агсан, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Нельсон Мандела 12 дугаар сарын 5-нд 95 насандаа таалал төгссөн юм.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com