Хятад дахь Япон автомашины борлуулалт 400 мянгаар буурчээ
БНХАУ-д үйлдвэрлэсэн Япон автомашины борлуулалт өнгөрсөн санхүүгийн жилд 12 хувиар буюу 400 мянгаар буурсан талаар "NHK" агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Хятад улсад үйлдвэртэй Японы зургаан автомашин үйлдвэрлэгч өнгөрсөн онд нийт 2.8 сая орчим машин зах зээлд нийлүүлснээс “Toyota” корпорацийн үйлдвэрлэл 13 хувиар буурсан байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд зургадугаарт ордог “Nissan”-ийн Хятад дахь борлуулалт 12 хувиар буурсан бол “Honda”-ийнх зургаан хувиар багассан байна. Эдийн засгийн хөгжлөөрөө азид тэргүүлэгч хоёр орны хооронд үүсээд буй арлын маргаан улам хурцадсан нь ийнхүү Японы автомашины борлуулалт буурахад ихээр нөлөөлжээ. БНХАУ-д Японы эсрэг үзэл газар авсан учраас зарим үйлдвэрүүд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоох хүртэл арга хэмжээ авч эхэлсэн байна. Хэдийгээр өнгөрсөн онд Хятад дахь Япон автомашины үйлдвэрлэлийн хэмжээ буурсан ч Герман болон БНСУ-ын автомашин үйлвэрлэгчдийн борлуулалтын хэмжээ нэмэгдээд байгаа ажээ.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: nyamgerel.j@bloombergtvmongolia.com