Хятадад шинэ орон сууц худалдан авах журмыг чангатгахаар болжээ
Хятадын үндэсний Статистикийн товчооноос тус улсын 70 хотод хийсэн судалгаагаар 1 дүгээр сарын үзүүлэлтээр 10 хотод шинэ орон сууцны үнэ хямдарсан гэж гарсан байна. Гэвч Хятадын томоохон хотууд болох нийслэл Бээжинд шинэ орон сууцны үнэ өнгөрсөн сарынхаас 1.6 хувиар харин Шанхайд 1.1 хувиар өсчээ.
Мөн Хятадын орон сууц худалдаалах хамгийн том вебсайтыг эрхэлдэг “SouFun Holdings” компаниас орон сууцны салбарт хийсэн судалгаагаар тус улсын өнгөрсөн сарын нийт орон сууцны үнэ 12 дугаар сарынхтай харьцуулахад 1 хувиар өссөн тухай мэдээлсэн байна. Энэ нь 2011 оны 1 дүгээр сараас хойшхи хамгийн өндөр өсөлт аж.
Түүнчлэн тус улсын иргэд орон сууц худалдан аваад түүнийгээ цааш нь өндөр үнээр дамлах явдал ихэсч байгаа учир төрөөс зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 21-ний төрийн зөвлөлийн хуралдааны үеэр Хятадын ерөнхий сайд Вэн Жябао "Шинэ орон сууц худалдан авах журмыг чангатгах хэрэгтэй" гэж хэлсэн байна.