Хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар боллоо. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ногоон бүсийг гэр хороолол болгож, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулан ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй гэж холбогдох албаныхан үзсэн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг ногоон бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн ойн санд хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гардаг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, ойн санд орох орц, гарцыг хааж зөвшөөрөлгүйгээр хашаа байшин, барилга барьсан зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар хууль зөрчин олгосон 11.8 километр квадрат буюу 4052 нэгж талбайг илрүүлснээс Чингэлтэй дүүрэгт 2340, Сүхбаатар дүүрэгт 1090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172 газар байгаа аж.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com