Худалдаа Хөгжлийн банк 700 сая юанийн бондыг олон улсын зах зээлд гаргалаа
Монгол Улсаас олон улсын зах зээлд хамгийн анхны бонд гаргаж байсан Худалдаа Хөгжлийн банк “Dim sum” бонд буюу юаниар илэрхийлэгдсэн бондын зах зээлд Монгол Улсын хувьд анхдагч боллоо. Нийт 700 сая юань буюу ойролцоогоор 115 орчим сая ам.долларын бондыг гурван жилийн хугацаатайгаар олон улсын зах зээлд гаргасан байна. Харин бондын хүү 10.00 хувьтай гарчээ. Энэ удаагийн юанийн бондын андеррайтераар “TDB Capital” болон “Deutsche bank”, “ING” банкууд ажиллаж зах зээлд амжилттай арилжаалсан байна. Мөн бондын дийлэнх болох 52 хувийг Хонгконгийн хөрөнгө оруулагчид худалдаж авсан бол 42 хувийг Сингапурын хөрөнгө оруулагчид авсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Европын хөрөнгө оруулагчид ч бондын арилжаанд оролцжээ. Үүнээс гадна нийт бонд худалдан авагчдын 66 хувь нь хөрөнгө оруулалтын сангууд байсан бол 26 хувийг хувийн банкууд бүрдүүлсэн байна.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com