Холбооны Нөөцийн банк: Эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлнэ
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “Цар тахлын нөлөөнд өртсөн эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдлээ.
Вакцинжуулалт эрчимжиж, эдийн засгийн төлөв сайжирч байгаа ч бонд худалдан авалтаа үргэлжлүүлнэ, танахгүй гэсэн дохиог зах зээлд өгч байна. Инфляц болон ажилт эрхлэлттэй холбоотой зорилт хангагдах болоогүй, дорвитой ахиц гартал хугацаа шаардагдана хэмээн Жером Пауэлл Сенатын гишүүдэд хандан хэлсэн байна.
Холбооны Нөөцийн банк одоогоор бонд худалдан авалтад сард 120 тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж. Үүний 80 тэрбум ам.доллар нь Засгийн газрын бонд, 40 тэрбум ам.доллар нь ипотекээр баталгаажсан үнэт цаас байгаа юм.
АНУ-ын эдийн засаг энэ онд зургаан хувиар өсөх төлөвтэй байгааг Холбооны Нөөцийн банкны тэргүүн мэдээллээ.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“Эдийн засгийн байдлыг харвал ажил эрхлэлт, инфляцын зорилтод хүрэхэд хол байна, цаашид дорвитой ахиц гарахад хугацаа шаардаж магадгүй. Нөхцөл байдлын өрнөлийг харвал энэ оны эцэс үе гэхэд эдийн засгийн төлөв сайжирсан байх төлөвтэй байна. Оны хоёр дахь хагасаас зарцуулалт үлэмж хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна гэдэг мэдээж маш сайн хэрэг. Гэвч энэ нь эргээд үнийн дарамт үүсгэх боломжтой. Бидэнд үүнийг шийдэх арга хэрэгсэл нь бий, шийдвэрлэх ч болно. Төсвийн дэмжлэг юм уу зарцуулалт гэнэт огцом өснө гэж харахгүй байгаа. Инфляц асуудал үүсгэхээр түвшинд хүртэл өснө гэж огтхон ч бодохгүй байна. Цаашид урт хугацаа байна, мөнгөний зөөлөн бодлого цаашид үргэлжилнэ. Үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа. Мөн бид болгоомжтойгоор, хүлээцтэйгээр арга хэмжээнүүд авна гэж ойлгох хэрэгтэй. Ингэхдээ урьдчилж анхааруулж байх болно” гэж мэдэгдэв.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com