ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хэлэлцээ хийнэ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийх Төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм. Харин 1990 оноос хойш ХБНГУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна. Иоахим Гаук 2012 оны гуравдугаар сард Холбооны Ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх орондоо айлчлахыг урьж байсан нь тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан юм. Энэ удаагийн айлчлалын үеэр нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг Монголд барих олон тэрбум еврогийн мега төсөл урагшлах хүлээлт байгаа талаар “Засгийн газрын мэдээ” сонинд мэдээлсэн байна. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах бөгөөд айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукт бараалхахаас гадна ХБНГУ-ын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Матиас Махниг нар гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Үүнээс гадна ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилно. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаукийн хамт түүний гэргий Даниела Шадтаас гадна Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Давид Гилл, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Матиас Махниг нар хүрэлцэн ирэх товтой байна. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлалтай зэрэгцэн Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15-ны пүрэв гарагт болно.
О.Одгэрэл
Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com