ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр талууд эдийн засаг, ашигт малтмал, байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллах тохиролцоонд хүрснийг Вальтер Штайнмайер онцоллоо. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны салбаруудад Германы стандартаар дамжуулан Европын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа Вальтер Штайнмайер илэрхийлсэн байна. Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилийн хугацаанд дотоодын олон салбарыг хөгжүүлэхэд ХБНГУ чухал нөлөө үзүүлсэн гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд мэдэгдсэн юм. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Улсын их баяр наадмын өмнөхөн хийж буй айлчлал нь Монголын түүх соёлтой танилцах боломжийг олгож байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайерыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Үүнээс гадна тэрбээр Монгол-Германы хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтад оролцож Монгол Улсын Шадар сайд, Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагватай уулзах юм байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com