ХААБ: Дотоодын үйлдвэрлэгчдийг хоршоодтой холбон, зуучлах ажилд анхаарна
Монгол Улсын Засгийн газрын баталсан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэхийг заасан байна. Мөн арьс, шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг тусгажээ. Түүхий эдийн бэлтгэлийн улирал буюу жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог байна. Үүнээс үүдэн гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөөр сайн чанарын түүхий эд худалдан авч байгааг Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ. Гадаадын худалдаа эрхлэгчид орлогын албан татвар бага төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байгаа аж. Үүнээс шалтгаалж дотоодын түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60 хувийг ашиглаж байгааг онцолж байсан юм. 2017 онд 5409.7 тонн угаасан ноолуур, 571.4 тонн самнасан ноолуур, 915.6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн нь түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодод болон экспортод гаргажээ. Өмнөх буюу 2000-2004 онд хэрэгжүүлсэн “Ноолуур” хөтөлбөрийн дүнд улсын хэмжээнд бэлтгэж байгаа ноолуурын нөөцийн 88 хувийг гүйцэд боловсруулж, ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт эрчимтэй өсөж байжээ.
Б.Дөлгөөнзул
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com