Уул уурхайн салбарт ажиллагсадын тоо 20.4 мянгад хүрчээ
Монгол Улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарт ажиллагсадын 33 хувь нь уул уурхай, олборлох салбарт хамааралтай байгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурдсан байна. Гуравдугаар сарын үзүүлэлтээс харахад уул уурхайн салбарт
ажиллагсадын тоо 20.4 мянга болсон нь 2013 оны мөн үеэс 13 хувиар өсчээ. Ялангуяа металлын хүдэр олборлох салбарт 46 хувь, нүүрсний компаниудад 40.7 хувь нь байгаа бол 5.5 хувь нь газрын тос олборлох салбарт ажиллаж байгаа аж. Харин 2013 оны гуравдугаар сартай харьцуулахад газрын тосны салбарт ажиллагсадын тоо 52 хувиар өссөн бол нүүрсний салбарынхны өсөлт найман хувьтай байна. Өнгөрсөн нэгдүгээр улиралд Монгол Улсын нүүрсний экспортын 10.5 хувийг дангаараа бүрдүүлсэн “Southgobi Sands”-ийн ажилчдын тоо дөрөвдүгээр сарын байдлаар 450 байгаа талаар тус компаниас мэдээлжээ. Энэ нь БНХАУ-ын нүүрсний зах зээл сэргэж байсан 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад ажилчдынх нь тоо 35 хувиар буураад байгаа юм. Харин нүүрсний экспортын 51 хувийг дангаараа бүрдүүлсэн "Mongolian Mining Corporation"-ийн үндсэн ажилчдын тоо 2250 байгаа бол "Эрдэнэс Тавантолгой" компанид ойролцоогоор дөрөв дахин бага буюу 525 хүн ажиллаж байна.
Металлын хүдэр олборлох салбарт ажиллагсадын тоо 2013 оны мөн үеэс 16 хувиар өсөөд байгаа аж. Энэ салбарын голлох компаниудын нэг болох "Оюу Толгой" компанид 2013 оны эцэс гэхэд 2791 хүн ажиллаж байгаагийн 93.16 хувь нь монголчууд байгаа талаар тус компаниас мэдээллээ. Харин өнгөрсөн онд зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн "Оюу Толгойн" нийт ажиллагсадын тоо 2012 онтой харьцуулахад зургаан хувиар буурсан байна. Үүнтэй холбогдуулан “Бид үр ашигтай хийгээд тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд цаашид ажилчдын тоо бага зэрэг өсөх болон буурах хандлага ажиглагдах магадлалтай” гэж "Оюу Толгой" компаниас мэдээллээ. Үүнээс гадна зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байгаа компаниудын нэг нь "Алтайн хүдэр" юм. 2013 оны эцэс гэхэд тус компанийн ажилчдын тоо 2004 болоод байжээ. Харин төмрийн хүдрийн олборлолт явуулдаг “Алтайн хүдэр”-ийн хувьд БНХАУ-ын эдийн засгийн болон барилгын бизнесийн хямралтай холбоотойгоор борлуулалт нь мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Үүнтэй уялдаад баяжуулах үйлдвэрийнхээ нэгиинх нь үйл ажиллагааг зогсоож, орон тооны цомхотгол явуулжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com