УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг IV сарын 30 хүртэл сунгаж байна
“Covid-19”-ээс сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдсэн байна. Шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар оруулж албажуулах юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах хүрээнд их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 4-р сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Улмаар энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагаа VI сарын 15 хүртэл үргэлжилж, намрын хичээлийн жилийг 8 дугаар сарын 15-нд эхлүүлэхээр өөрчлөлт оруулахаар болж байна. Мөн ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 2-оос 7 дугаар сарын 5-ныг дуустал авахаар төлөвлөсөн байна.
Олон улсын хуваарьт нислэг, зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг мөн 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар боллоо. Гадаадын улс орнуудаас иргэдээ татах чартер нислэгийг 14 хоногийн дараа хийхээр судалж байгаа юм байна. Мөн Дарханы замд ажиллах гадаадын иргэдийг тусгай үүргийн нислэгээр авчирч, 14 хоног тусгаарлаад ажилд нь оруулахаар төлөвлөжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com