УОК: Уурхайн 4900 гаруй ажилтны ээлжийг сольсон
“12 дугаар сарын эхээр уурхайнуудад ажиллаж байгаа 4900 гаруй ажилтны ээлжийг сольсон. Энэ ээлж 21 хоног ажиллах ёстой, 11-12 хонож байгаа” гэсэн мэдээллийг Улсын онцгой комисс өглөө.
Ээлж солилцсон ажилтнуудын дийлэнх нь “Оюу Толгой” ХХК-ийнхан бололтой. Тус компаниас өгсөн мэдээллээр 12 дугаар сарын 15-ны байдлаар нийт 2000 гаруй ажилтны ээлжийг сольсон байна. “Гэхдээ энэ ажил дуусаагүй, хэдэн мянган ажилтан дахиад ээлжээ солилцоно. Энэ ажил үргэлжилж байгаа” гэж компани мэдээлсэн юм. Ажилтнууд нь 30-60 хоног сунаж ажиллаж байгаа юм байна. 12 дугаар сарын 15-ны байдлаар “Оюу Толгой”-д 5827 ажилтан байгаа аж. 3000 гаруй ажилтныг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулжээ.
Нүүрсний компаниудаас “Энержи Ресурс” ХХК, “Өсөх зоос” ХХК тэргүүтэй зарим компани ажилчидтайгаа тохиролцсоны үндсэн дээр зарим ажилтнаа ээлжийг нь сунган ажиллуулж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд хэлсэн юм. “Өсөх Зоос” ХХК-ийн тухайд нэг удаагийн ээлжид 280-аад хүн ажилладаг юм байна. Зөвхөн Улаанбаатар, Өмнөговь аймгийн ажилчдаас ээлж солихыг зөвшөөрсөн учир тал орчим нь ээлжээ солих боломжтой болсныг “Asia Mining” мэдээлж байлаа.
Экспортын чиглэлийн гол 23 уурхайг эрүүл, аюулгүй бүс байлгах зорилгоор онцгой дэглэм тогтоон ажиллаж байгааг Улсын онцгой комисс өчигдөр зарлалаа. Уурхайн ажилчдаас гадна нүүрсний урт, богинын тээврийн жолооч нарыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Үүнд нүүрсний уртын тээврийн 7000 гаруй жолооч, богинын тээврийн 6569 жолооч багтаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК мэдээлэв.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com