Улс орнуудыг протекционист бодлогын эсрэг зогсохыг ОУВС, Дэлхийн банк уриалав
Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны тэргүүн нар АНУ-ын баримталж байгаа протекционист бодлогын эсрэг зогсохыг улс орнуудад уриаллаа. Тухайлбал, Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким “Худалдааны маргаан даамжрах нь ядуурлыг бууруулах дэлхийн нийтийн зорилтод тушаа болох”-ыг анхааруулжээ.
Харин “Улс орнууд дэлхийн худалдааны системээс татгалзахын оронд хамтын хүчээр алдааг нь засаж залруулах шаардлагатай” гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард онцолсон байна.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “Худалдааны илүү сайн систем бий болгоно гэдэг хэзээ ч хялбар үүрэг даалгавар байгаагүй. Бид бүх улс орнуудад сайн хэрэгждэг худалдааны систем хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эн тэргүүнд бид даамжраад байгаа худалдааны маргааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид дэлхийн худалдааны системийг сүйтгэхгүй, харин ч хамтын хүчээр засаж залруулах хэрэгтэй. Гуравдугаарт, бид худалдааны түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх хэрэгтэй. Үүнийг улс орнуудын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай. Олон Улсын Валютын Сан анализ, бодлогын зөвлөмж гаргах замаар гишүүн орнуудаа дэмжихийг зорьж байна. Бид дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг гаргасан. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банктай хамтарч худалдааны асуудлаар шинэчилсэн тайлан гаргасан. Ямар өөрчлөлтүүд хийх ёстой талаарх энэхүү бодлогын чиглэл улс бүрд нээлттэй байх ёстой. Үүний тулд бид нэг байр суурьт нэгдэж энэхүү уулзалтыг хийж байна” гэж мэдэгдлээ.
Харин Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ким Жин Ён “Ядуурлыг бууруулахад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, улс орнуудын харилцан хамаарлыг нэмэгдүүлэх нь чухал нөлөөтэй. Үүнд худалдааны систем чухал нөлөөтэй. Сүүлийн 30 жилд худалдаа нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулах чухал хүчин зүйл байж ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх худалдааны хувь хэмжээ 1988 онд 30 хувь байсан нь 2017 онд 52 хувь болж нэмэгдсэн. Даяаршлын нөлөөгөөр олон улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн дундаж орлого 24 хувиар нэмэгдсэн. 1990-ээд оноос хойш нэг тэрбум хүн ядуурлаас гарсан. Нэн ядуурлын түвшин 10 хувиар буюу түүхэнд байгаагүйгээр огцом буурсан. Худалдааны либерал бодлого хөгжиж буй орнуудад хэрхэн сайнаар нөлөөлж ирсэн нь тодорхой харагдаж байна. Гэхдээ энэаүү бодлогын эрч сүүлийн үед саарч эхэлснийг бид харж байна. Ялангуяа сүүлийн хэдэн сар протекционист бодлого руу чиглэх боллоо. Тарифын арга хэмжээ дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй, мөн ядуурал буурах эрчийг сааруулах эрсдэлтэй” хэмээн онцолсон байна.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com