Улсын хэмжээнд 311 мянга 262 иргэнийг дархлаажуулаад байна
Гуравдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 311 мянга 262 иргэнийг дархлаажуулаад байна. Тухайлбал: Улаанбаатар хотод 298 мянга 226 иргэн, орон нутагт 13 мянга 36 иргэн вакцинд хамрагджээ. Харин вакцины эхний тун хийлгэсэн 532 хүн “коронавирус”-ийн халдвар авсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлсэн юм.
Зургийг: ulaanbaatar.mn
Эхний тунгаа хийлгэснээс хойш 14 хоногт 40-50 хувийн дархлаа тогтож байгаа бөгөөд хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаатай болно. Хэдий тийм боловч хоёр тун вакцин хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Үүнээс гадна Засгийн газар эрсдэлийн “Улаан” түвшин буюу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Харин дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болоод байна.
Ресторан, үзвэр үйлчилгээ, амралт сувилал, сургалтын төвүүд дээрх хугацаанд ажиллахгүй бол, хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх юм байна. “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон захууд нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчилж, амралтын өдрүүдэд ажиллахгүй. Мөн дэлгүүр, худалдааны төвүүдийг 20.00 цагт хаахаар зохицуулжээ.
Түүнчлэн Засгийн газар тавдугаар сарын нэгний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амд вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Харин долоодугаар сарын нэгэн хүртэл орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Энэ хугацаанд зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй гэж Шадар сайд тодотгосон юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com