Улсын нөөцийн өвс тэжээлийн бэлтгэл ажил 50 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын нөөцөд өвс худалдан авах сонгон шалгаруулалтын ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байгаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. Нөөцийг Засгийн газрын тогтоолын дагуу нэг хонин толгойд нэг кг өвсөөр тооцон нийт мал сүргийн 25 хувийг гурваас доошгүй хоног тэжээхүйц хэмжээнд бүрдүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу нээлттэй болон харьцуулалтын тендер зарлан бүрдүүлж эхэлсэн байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь зуншлага сайн, 35 хувь нь гандуу, 5 хувь нь гантай байгаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Мөн улсын хэмжээнд 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой их хэтэрсэн тул өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгааг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Мөн энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com