Улаанбаатарын утааг хэрхэн бууруулах вэ
Дулаан хадгалах технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо 2017 оны аравдугаар сард 12-оор өсөж, 50-д хүрсэн байна. Утааг бууруулахын тулд түүхий нүүрс түлдэг өрхүүдийн тоог цөөлөх, дулаан хадгалах шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд гал түлдэг 200 мянган өрх байгаагаас 16 мянга 500 өрх хог хаягдал түлдэг байна. Энэ судалгааг нэгдүгээр сарын хоёронд дүүргүүдийн хорооноос нэгтгэн шинэчилжээ. Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын өрхүүд бүрдүүлдэг. Иймд гэр хорооллын цахилгаан хэрэглээг шөнийн цагаар хөнгөлж эхэлсэн юм. Ингэснээр цахилгаан халаагуурын хэрэглээ ихэссэн ч амжиргааны түвшин багатай өрхүүд худалдан авч чадахгүй байна. Үүнийг харгалзан дулаан хадгалах шийдлүүдийг нэвтрүүлсэн 50 аж ахуйн нэгжийн үнийн саналыг бууруулах талаар ярилцаж байна. 2017 онд “Дулаалга” аянд нэгдсэн компанийн тоо дөрвөөр нэмэгджээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн дулаан хадгалах материалыг хямдралтай үнээр худалддаг энэхүү төсөлд нийт 16 мянган өрх хамрагдсан байна. Үүнээс 2017 онд 4000 өрх хамрагдсан байна. Эдгээр өрхүүд 1-3 дугаар сард 2.5-3 тонн нүүрс түлдэг байсан бол дулаалга хийсний дараа нэг тонн нүүрс түлсэн талаар мэдээллээ.
Дулаалгын материал үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Базальт вүүл”, “Монгол эко ноос”, “Эсгий дулаалга”, “Таван богд” зэрэг компаниудын борлуулалт сүүлийн нэг жилд 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үнийн хувьд нэг өрхийн жилийн түүхий нүүрсний хэрэглээг 60 хувиар бууруулах хэмжээний иж бүрэн дулаалга хийхэд зургаан сая төгрөг шаардлагатай ажээ. Энэ ханшийг Ерөнхий сайд хэт өндөр гэж үзсэн юм. Иймд өртөг багасгах тал дээр Төрөөс анхаарч ажиллахаар болсон байна. Дулаалгын материал үйлдвэрлэгчид хонины ноосоор дулаан хадгалах бүрээс хийдэг бөгөөд “Монгол эко ноос” компани 2017 онд энэ системийг анх удаа барилга угсралтад ашигласан нь амжилттай болжээ. Ингэснээр зөвхөн монгол гэрийг дулаалах бус орон сууцны барилгыг угсралтын шатанд нь давхар дулаалж эхэлсэн байна. Тус компани сүүлийн нэг жилд 6000 ширхэг иж бүрэн дулаалгын материал борлуулжээ. Мөн “Эсгий хоршоо” компанийн борлуулалт 2017 онд 2100 ширхгээр өсөж, 8600-д хүрсэн талаар мэдээллээ.
Ж.Жаргалмаа
Холбоо барих: jargalmaa.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com