УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдын Япон улсад хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын дарга З.Энхболд болон түүний гэргий Т.Бат-Өлзий нар өнөөдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхав. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито УИХ-ын дарга З.Энхболдыг Япон улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр "Япон, Монгол хоёр орны харилцаа ойр дотно байдагт туйлын баяртай явдаг" гээд саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхав Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгон баталсанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийллээ. Хоёр орны хооронд байгуулан Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэв. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито УИХ-ын даргаас Монгол орны байгаль, цаг уурын талаар сонирхон асууж, Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөсний зэрэгцээ Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүслээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичикод бараалхах үедээ хэлсэн үгэндээ "Цог Жавхлант Эзэн Хаан Танд бараалхах завшаан тохиосонд баяртай байна. Монголын ард түмэн 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал өрнүүлж, улс төр, нийгмийн тогтолцоогоо шинэчилж, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлж, шинэ хөгжлийн суурийг тавьж чадлаа. Япон Улс Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй дэмжин тусалж ирснийг манай төр, засаг өндөр үнэлж, талархан хүндэтгэж байдаг" хэмээн онцоллоо.

Түүнчлэн айлчлалын үеэр Японы компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулахыг хүссэн юм. Харин Монголын талаас Японы дэмжлэгтэйгээр ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж, олон улсын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болоход жил хагасын хугацаа шаардлагатай талаар онцоллоо. Япон улсын нийт худалдааны 19 хувь нь өнөөг хүртэл байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүдийн хүрээнд хийгдсэн байна. Үүнийг ойрын хугацаанд 70 гаруй хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. УИХ-ын даргын айлчлал Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлахад дэмжлэг үзүүлэх чиглэлд голлон анхаарч байна.

Э.Нарантунгалаг

Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Нийтэлсэн огноо: 2015 оны 02 сарын 25

Бидэнтэй нэгдэх