Төсвийн зарлагын жилийн өсөлт анх удаа 10 хувийн бууралттай гарлаа
Оны эхний хоёр сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого болон тусламжийн хэмжээ 699.1 тэрбум төгрөг болсон бол төсвөөс гарсан зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 615.3 тэрбум төгрөг болсон байна. Мөн Монгол Улсын төсвийн тэнцэл 83.8 тэрбум төгрөгийн ашигтай буюу жилийн өмнөхөөс 4.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү хөрөнгийн зардал буурсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр дахь сардаа дахин ашигтай гарахад нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого болон тусламжийн 89.7 хувийг татварын орлого бүрдүүлж байгаа бол үлдсэн 10.3 хувийг татварын бус орлого бүрдүүлж байгаа аж. Харин гадаад худалдааны татварын орлого 21.4 хувиар, бусад татварын орлого 52.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Татварын нийт орлого жилийн өмнөхөөс 5.7 хувиар нэмэгдсэн нь дөрвөн төрлийн татварын орлого өссөнтэй холбоотой юм байна. Газрын тосны орлого, хүү болон торгуулийн орлого өссөн ч, хувьцааны ногдол ашгийн болон навигацийн орлого буурсны улмаас татварын бус орлого жилийн өмнөхөөс 10 хувиар буурсан байна.
Төсвийн нийт зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 615.3 тэрбум төгрөг болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 9.8 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа аж. Төсвийн зарлагын жилийн өсөлт нь 2010 оны нэгдүгээр сард түүхэн дээд түвшинд буюу 95.7 хувьтай гарч байсан бол түүнээс хойш өнгөрсөн хоёрдугаар сард анх удаа 10 хувийн бууралттай гарсан байна. Хөрөнгийн зардал, татаас, шилжүүлгийн зардал, эргэн төлөгдөх цэвэр зээл болон зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал багассан нь улсын төсвийн нийт зарлага буурахад нөлөөлжээ.
Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар бараа үйлчилгээний зардал жилийн өмнөхөөс 35.6 хувиар өсөлттэй гарсан байна. Нийт зарлагын 97.4 хувийг урсгал зардал, 3.6 хувийг хөрөнгийн зардал эзэлсэн байна. Урсгал зардлын нийт зарлагад эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар нэмэгджээ. Энэ оноос эхлэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт олгодог байсан 21 мянган төгрөгийг олгохоо зогсоосон нь төсвийн зардал буурах гол шалтгаан болж байна.